Онцлох мэдээ
Нүүр хуудас / Хууль тогтоомж / Заавар, журам / УС ЦАГ АГААР, ОРЧНЫ АЮУЛТАЙ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТАЛААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

УС ЦАГ АГААР, ОРЧНЫ АЮУЛТАЙ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТАЛААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

Засгийн газрын 2015 оны 286 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт

 

УС ЦАГ АГААР, ОРЧНЫ АЮУЛТАЙ, ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТАЛААР
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

 

1. Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр тутмын, анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ гэж ангилна.

2. Хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй цаг агаарын үзэгдлийг хор хөнөөлийнх нь байдлаар аюултай, гамшигт үзэгдэл гэж ангилна.

3. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтыг Засгийн газар, анхааруулах мэдээнд орох цаг агаарын үзэгдлийн жагсаалтыг ус цаг уур, орчны хяналт-шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

4. Цаг агаарын урьдчилсан мэдээ болон орчны чанарын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллага болох Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний албад хариуцан гаргана.

5. Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг гаргасан мэргэжлийн байгууллага нь телефон, факс, гар утас, цахим шуудангаар уг мэдээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шуурхай дамжуулна.

6. Үндэсний олон нийтийн радио, телевиз болон бусад телевиз нь цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авснаас хойш 15 минутын дотор “Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гэсэн дуут дохиотойгоор, цаашид аюулт үзэгдэл эхлэх хүртэлх хугацаанд цаг тутам нэвтрүүлгийн дундуур нийтэд зарлан мэдээлнэ.

7. Цаг агаарын гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын 3.1-д заасны дагуу дамжуулна.

8. Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг зарласан, урьдчилан зарлаагүй боловч аюултай үзэгдэл эхэлсэн, эсхүл сэрэмжлүүлэх мэдээнд дурдсан үзэгдэл нь аюулын хэмжээнд хүрэхээр болсон үед аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь сум, дүүргүүдэд уг мэдээг яаралтай дамжуулах бөгөөд сумдын цаг уурын өртөө, харуулын ээлжийн техникч, ажиглагч, сум, дүүргийн Засаг дарга болон түүнийг орлох албан тушаалтанд холбоо, мэдээллийн бүх хэрэгслээр шуурхай хүргэнэ.

9. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн болон аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь цаг агаарын мэдээний үнэн зөв, шуурхай байдлыг хангах талаар Үндэсний олон нийтийн радио, телевиз болон бусад телевиз, радиотай гэрээ байгуулж ажиллана.

—-оОо—-

Тухай root

Шалгах

Ган, зудын байдалд үнэлгээ хийх журам

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт    ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>